***GEGEEHEN* *GOOD*

2007-07-08

ogvvlleg goy shvv

Өглөө нойрноос сэрж ядан байтал долоон настай охин маань хацар дээр шовхийтэл vнссэнээ Today Father’s day гэж байна.


Тэгээд би танд бэлэг бэлдсэн, та одоо авах уу, орой авах уу гэнэ ээ. Энэ ертөнц дээр аав болсоны маань нэгэн баяр жаргал гэвэл чухам энэ мөн дөө. Хэзээ нэгэн цагт аав маань мөн л vрс биднээрээ бахархан, энэхvv аав болсоны нэн гаргуун баяр жаргалыг мэдэрч л байсан байх даа гээд, өөрийн эрхгvй аавыгаа бодоод явчихлаа. Тэгээд аавыгаа бага зэрэг дурсав.
Хаа ч явсан муу аавын минь төрх байнга л харагдах юм даа. Намайг Америкт ирээд удаагvй, 3 сарын дараа аав маань өнгөрсөн юм. Хоёрхон хоногийн өмнө утсаар ярихад “Аав нь сайн байна, Миний хvv зорьсондоо хvрчихээд л ирдэг юм шvv. Аав нь нутаг явлаа. Нутагт их сайхан зун болж байна гэнэ ээ. Өргөн Зурааныхаа цэцэгс дотор тонгочино доо, аав нь. Маргаашийн онгоцоор ниснэ” гэж их цовоо цолгиун ярьж байж билээ. Энэ тонгочиж гэдэг vгийг нь сонсоод би аавыгаа шоолон ихэд инээсэн юм. Учир нь аавын маань хоёр хөл их муу, таягтай чvv ай явдаг хvн, тэр цэцгэс дотор хэрхэн тонгочиж байгааг нь төсөөлөхөөр өөрийн эрхгvй нэгэн хөгжилтэй зураг харагдаад байж билээ. Аав маань харин сэтгэлээрээ бол vнэхээр тэр нутаг нугынхаа цэцгэс дотор тонгочиж чадна шvv. Улаанбаатарт байх vедээ бол нутгаа байнга ярьдагсан. Нас нь их ч явж, 80 гараад ирэхээрээ ердөө ярьдаг юм нь нутаг л болчихсон байсан. Уул усаа ярина. Хадагтын хөтлөөр хаврын хаварт зvтгэсээр гараад ирэх ч ай даа мөн ч сайхан шvv, ертөмций тэр аяараа халамцуу болчихсон байдагсан гэж ирээд л ярина. Нутгийнханаа, өөрийн vеийн өнгөрч одсон хөгшидөө их дурсана аа. Манай нутагт Бvдvvн Сэд гэж нээх их гижигтэй хvн байх. Хаалгыг нь гаднаас нь дарж байгаад л гэрийнх нь гаднаас Гижиг, Гижиг гэхтэй зэрэг л гэр доторх хамаг юм аа тараагаад хагалж хэмхэчээд унадагсан, тийм л их гижигтэй хvнсэн, хөөрхий гэж ирээд л ярина. Тээр, шар тахиа жилийн хавар, тарлан цастай байхад Их Дөрөлжөөр муу Давхар жолоотоо уначихсан дэргvvлээд гараад ирлээ дээ, тэгтэл… гэж ирээд л vлгэр домог шиг юм хөврvvлчихнэ. Сонсоод л баймаар… Бага залуу байхад аавынхаа ярихыг сонирхож шохоорхоод л, өвөр дээр нь суучихаад улам лавшруулан тэгээд тэгээд хэмээн байн байн шалж, шавдуулж, уцаарыг нь хөдөлгөн байж удтал яриулдагсан. Харин сvvлдээ надад тvvнээс илvv сонирхох зvйл бишгvй болсон мэт санагдаж, аавыгаа “Тэгээд” гэж шавдуулахаа болчихсон. Улам улмаар улам л холдоод, тэр тусам аав маань харин ч өөрөө ярьдаг болоод ирсэн. Сvvлдээ яриаг нь огт сонсохгvй байсан ч хамаагvй ярьж л байдаг, өглөө оройд гэрт нь орохоор өнөөх нь нутгаа, нутгийнхаа ярьж суудагсан. Тийн ярьж суухад нь санаа бодол нь аль хэдийнэ тэр Алтайн уулсын аглагт, тэртээх он жилvvддээ оччихсон мэт, өтөл болсон нvдэнд нь vе vе ямар нэгэн очис гялс гялс хийх шиг болдог байж билээ.
Би чинь энэ уулсынхаа бэлийнх нь цэцгэс бvхнээс нь vлгэр сонсож өссөн юм шvv дээ. Чулуу болгон нь аавыг нь таньдаг юм гэж ярьдагсан. Намайг багад дагуулаад хөдөөгvvр их явна аа. Гэнэтхэн уулсын хэц жимийн хажуугийн чулуун дээр очиж тонгойгоод ямар нэгэн юм шивнээд суучихдагсан. Тэгснээ учиргvй инээгээд л… Яасийм гэхээр, Өө аав нь энvvнээс/нөгөөх чулуугаа зааж/ Чи нөгөө муу Банзайг санаж байна уу, гэсэн чинь саналгvй яах юм гэж байна шvv, Их золиг шvv гэнэ. Бодвол тэр Банзайтайгаа тэр хавьд л нэг бужигнуулж явсан юм шиг байгаа юм.
Тэгээд аав ярьж байснаараа маргааш нутгаа ниссэн байсан. Харин нутагтаа очоод л хоёр хоноод өнгөрчихөж… Хvнд хvчир ажлын дараа байрандаа ирчихээд, хамт амьдарч байсан байрныхантайгаа хоол унд гэсэн шиг суутал монголоос дуудлага орж ирлээ. Том эгч маань ярьж байна. “За миний дvv, аавынх нь бие муухан байна, Ер нь л муухан байна” гэлээ. Эхлээд би нэг л сайн ойлгосонгvй. Эгч цааш нь хэлж байна, “Улаанбаатараас тэд нарыг дуудуулсан. За миний дvv одоо нааш цаашаа явах гээд яах вэ” гэж байна. Би юу болоод байгааг маш сайн ойлгов. Миний царайны байдал төрхөөс манай өрөөнийхөн ямар нэгнийг гадарласан бололтой, хормын өмнө ширээ тойрон хөгжилдөж байсан нь алга болчихоод бvгд сэтгэл нь зовсон шинжтэй болчихов. Би тэгэхэд сэтгэлээ яаж тэгэж их барьж чадсанаа одоо ч гайхдаг юм. Юу ч болоогvй мэт, нөгөөдvvл лvvгээ харж, бvр инээмсэглээд, “Аавын бие жаахан муухан байна гэнэ ээ, гэхдээ гайгvй байх өө” гэчихээд хийж байснаа, ярьж байснаа vргэлжлvvлж билээ. Гэхдээ хоол идэж суусан ч, юм ярьж байсан ч дотор аавын маань дvр харагдаад, цээж гашуу оргиод, ухаан санаа огт өөр газарт байх шиг… Учиргvй гараад гvйчихмээр ч шиг. Гэвч тэр оройг яаж ийгээд тайван өнгөрөөж, нөхдvvд маань амар тайван унтсан хойно сэмхэн гарч байрны арын модод дотор орж сууж байгаад оройжингоо бөглөрсөнөө харин ч нэг сайн юvлж авсансан. Vvрээр Монгол руу залгалаа. Эгч утас авч байна. Том эгч маань надаас 25 эгч, хатуу хөтvvг vзсээр Алтайн хөх чулуу шигээ хатуужиж, сэтгэл бодол чангатай болсон хэцvv талын хvн. Хар багаас ээжийг маань орлосон хvн. “Одоо миний дvv уйлж унжаад хэрэггvй ээ, Аавынхаа голомтыг залгаж vлдэж байгаа эр хvн шvv дээ чи. Наанаа лам хар хvн байвал ном буян хийлгэхийг бод. Бид нар энд хойтынх нь ажлыг хэрхэх тухайгаа л ярилцацгааж байна” гэж билээ.
Хожим эргээд санахад нь аавын маань надтай ярьсан сvvлчийн яриан дахь нутаг явлаа гэдэг vг нь цаанаа л нэг өөр vг байж. Нэг л өөр өнгө тоонотой хэлсэн байж. Vнэхээр ч аав маань Улаанбаатараас нутаг руу явахдаа хамаг эд юм, ном судраа аа хуваагаад, vр ач нартаа нэр зааж тараасан байгаа юм. Манай гэрт зуухаа оруулж тавьсан төдийгvй хоёр цоохор авдараа vлдээжээ. Бас хаана ч явсан биенээсээ салгадаггvй нэг хоёр шогол ном, бурхан шvтээнээ…
Нутгаа явах гэж их ч агдсан гэдэг. Яг тэр vед онгоцны нь билет хойшлогдож, хоёр хонох төдий учиргvй харамсаад л… Урьд өмнө ингэж байгаагvй хvнийг нислэг хоёр хоног төдий хойшлоход тэгэж их харамсаад байхаар нь манайхан хөөрхий зөнөж байгаам болов уу гэж бодоцгоосон гэдэг. Гэтэл яг тэр хойтын орондоо буцах цаг нь тулчихаад, vлдсэн хэдхэн хоногоо нутагтаа vдэх гэсэндээ тийн их агдсан байсансан. Аавтайгаа хамгийн сvvлд салах ёс хийсэн маань сэтгэлд ямар тод vлдэж вэ. Нааш нисдэгийн урьд орой манай ахан дvvс нийлж, аавынд цуглаад жаахан сууцгаалаа. Тэгээд тарцгааж, аав маань ч сэтгэл нь хөдлөөд хатуу идээнээсээ жаахан балгаж, сэтгэл нь амарсан шинжтэй унтаад өгсөн. Аав маань бор идээтэй насан турш их ч дотно нөхөрлөсөн хvн. Сvvлийн vед тvvнээ даах нь багадаж, нэг хоёр хундагаас хэтэрдэггvй болчихсон байсан юм. Харин өглөө эртээ онгоцны буудал явахаар гарах замдаа гэрээр нь ороход аав маань орноосоо дөнгөж босчихсон, цээжин дээгvvрээ цамцаа хагас хугасхан тохсон болоод, өнөөх таягаа ч мартчихсан бололтой, галаа тvлэх гээд хазганан зогссонсон. Сvvлийн хэдэн жилийн турш манай ахан дvvс аавыг аль нэгнийдээ байлгах гэж ятгаад ядчихсан юм. Яалаа гэж тийм юм байхав, аавынх нь гэж нэг айл байх учиртай. Тэгээд ч аав нь хvний гарт орчихоогvй байна гээд огт халгаагаагvй юм. Нээрээ ч хэн нэгнээр нь асруулалгvй байсаар байгаад л насыг vдсэн дээ. Хувцас хунараа заавал өөрөө угаана, хөгшин хvнээс хир ханхлах муухай гэчихсэн л угааж суудагсан.
Тэгээд, за, юутай ч гал асаатхаг гэж тvр хvлээлгээд, гал шvжигнэн асахад хоёр хацрыг минь зөөлөн дулаахан алгаараа шахаж ирээд хоёуланг нь vнэрлэж билээ. Нислэгийг цаг тулчихсан, яарсан хvн бушуухан гарахад ард “Миний хvv, ингээд л явчихаж байгаам уу” гэсэн дуу сонсогдсоор vлдсэн сэн.
Өмнө нь намайг ийш тийшээ хол юманд явахад заавал нэг хацрыг маань vнсдэг, нөгөөг нь эргээд ирэхэд чинь гээд vлдээдэг байсан хvн тэгэхэд яагаад хоёуланг нь vнссэний учрыг би ихээ хожуу ойлгож билээ.
Аавыг өнгөрсөний дараагаар “Миний хvv, ингээд л явчихаж байгаам уу” гэсээр бор гэртээ сvvтийсээр vлдсэн дvр нь хэсэгтээ надад харагдаж, ажил хийгээд зосгож байхад ч өмнөх ханан дээр дурайж ирээд, кино, ТВ vзэж суухад л тэр дотор харагдаад, тэгээд тэсэлгvй ОО-руу гvйчихдэг, эсвэл гараад, модод дотор орж байгаад нэг эрх чөлөөтэй нэрж гардаг байж билээ. Одоо эрх биш хэдэн жил өнгөрч, гэсэн ч бас хааяа харагдах л юм.
Би бvvр бага 3-4 настай л байсан болов уу, нэгэн тийм дурсамж маш тод vлджээ. Аавыг эзгvй нэг орой яагаад ч юм би учиргvй их айгаад, орон дээрээ бvтээлгээрээ таг бvтээж аваад л амьсгалж ч чадахгvй хэвтээд байж билээ. Манайхан, ах эгч нар маань гадаа хонь, мал, хурга ишиг гэж гvйлдэцгээгээд, тэгээд орж ирээд, унтацгаасан. Тэд намайг аль хэдийнэ унтачихсан гэж бодоцгоосон байх. Би ч бvтээлгэн дотроо тvнтийчихээд л чимээ чагнаад байх. Хааяа хотны захад хонь хивэх, vхэр яраглахын хажуугаар хаа нэгтээгээс нэгэн муухай дуутай хvний хvvе хvvе гэж намайг дуудах нь, тоонон дээгvvр нэг юм сvрчигнэн эргэлдэх нь сонсогдсоор хичнээн ч удсан юм бэ, бvv мэд, гэтэл хаа нэгтээгээс аавын маань дуулах дууны шуранхай сонсогдоод, улам тодорсоор, тодорсоор…
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгvvлэн зvтгvvлсээр л ирлээ дээ, хvvдээ
гэж дуулсаар гэрийн гадаа ханхийн дөрөө мултархад нь аль хэдийнээ тайвширчихсан би нойронд аргагvй автан унтаад өгч билээ. Энэ дууны vг ая нь юутай зохицсоныг хожим анзаарч, энэ дуунд хvн ямар их сэтгэлээ шингээж чадсаныг мэдэрсэнсэн. Нээрээ л ихээ их хол газраас хайртай хvvдээ хичнээн их зорьж, зvтгэж, тэмvvлсээр л ирж буй сэтгэлийг энэ хэдхэн vгээр яасан ч гvн гvнзгий, барим тавим илэрхийлээ вэ… Энэ дууг өнөө аялах бvрдээ шаавай багахан хээр морио шавдуулан шавдуулан хvvдээ тэмvvлж яваа аавын маань дvр өөрөө л ургаад ирдэг юм.
Одоо ч гэсэн, заримдаа аав маань vнэхээр л
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгvvлэн зvтгvvлсээр л ирлээ дээ, хvvдээ
гэж дуулсаар нэг л өдөр хvрээд ирдэггvй юм байх даа гэж бодогдох л юм.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-02-02 -

Бичсэн: Зочин
laughing devil party
. Шууд холбоос

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 23 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax