***GEGEEHEN* *GOOD*

2007-07-08

Galzuu ubchin

Ангилал: Ervvl mend

Эрүүл мэндийн сайдын 2002 оны 168 тоот

 тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

Галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар

 

Нэг. Галзуу өвчний тухай

 

Галзуу өвчин вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг зоонозын хурц халдвар юм.

1,1 Шалтгаан. Галзуу өвчний үүсгэгч РНХ агуулсан харьцангуй том 100-150 мкм хэмжээтэй, Rhabdoviridae овгийн Lyssavirus юм. Вирусийн химийн найрлагын 74% уураг, 1% РНХ, 22% өөх тос, 3% нүүрс ус эзэлдэг. Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг. Вирусийн зэрлэг омог бүлээн цуст амьтанд өндөр хоруу чанартай, төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж Бабеш-Негрийн биеэнцрийг үүсгэдэг. Лабораторийн омог төв мэдрэлийн тогтолцоонд Бабеш- Негрийн биеэнцрийг үүсгэхгүй.

 

1,2 Тэсвэрлэх чанар. Галзуугийн вирус гадаад орчинд тэсвэргүй. Халаах ба нарны шууд туяа, хэт ягаан туяаны үйлчилгээ, хлорамин, лизол, сод, марганц, хүчлийн К, 2-3%-ийн саван крезолын , 0,1%-ийн давсны хүчлийн, 4% борийн хүчил, 1% сульмагийн, 0,1%-ийн формалины уусмалуудад 1 минутын дотор үхдэг. Эфирт маш мэдрэг. Мал амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд 5 долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг.

 

1,3 Галзуугийн эпизоотологи. Галзуу өвчнөөр бог, бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг , цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү мэдрэг. Галзуу өвчний эпизоотыг байгалийн ба суурингийн гэж ангилдаг. Байгалийн эпизоот үргэлжлэн явагдах жилийн мөчлөгтэй. Жилийн мөчлөг 2-3 жил үргэлжилж, үе үе эрчимждэг байна. Галзуугийн өвчлөл түүний халдварыг агуулагч амьтдын тоо толгойн өсөлтийн үе, биологийн мөчлөгтэй холбоотойгоор хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг байна. Суурин газрын эпизоотын хэлхээ золбин нохой, муурын дунд явагдаж, эрчим нь эдгээр амьтдын тоо толгойноос шууд хамааралтай байдаг. Хот суурингийн галзуу өвчний гол эх уурхай нь золбин ноход бөгөөд тэдгээр нь халдвар авсан газраасаа 20-80 км-ийн зайд халдвар тараах боломжтой юм. Байгаль дээрх галзуу өвчний эх уурхай нь зэрлэг амьтад бөгөөд хүн, мал болон өөр төрлийн амьтдыг ноцон урж, шүлсдэн халдварыг тараадаг.

 

1,4 Тархвар судлал. Байгаль дээрх вирусыг хадгалагч эх уурхай болох өвчилсөн бог, бод мал, зэрлэг араатан , нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад нь халдвар тараадаг. Хүн голдуу нохой, чоно, муур, үнэг, үхэр, адуу, гахай, хониноос халдвар авч өвчилдөг. Лабораторийн амьтдаас цагаан хулгана, туулай өвчилдөг.

 

1,5 Эмгэг жам. Галзуугийн вирус хүний биед үүссэн янз бүрийн шарх, гэмтсэн салст бүрхүүлээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхгээр дамжина. Вирус нь мэдрэлийн судлыг даган төв мэдрэлийн тогтолцоонд хүрч уураг тархи гэмтээснээр залгих, амьсгалах булчингийн таталт илэрдэг. Мөн симпатик мэдрэлийг гэмтээснээр шүлс их хэмжээтэй гоожих, хөлрөх, улмаар зүрх судасны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрнэ. Төв мэдрэлийн тогтолцоогоор дамжиж шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайд тархаж гэмтээнэ.

 

1,6 Эмнэл зүй,  Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. өвчин эмнэлзүйн 3 үе шатаар илэрнэ.

 

Өвчний урьдал үе. Энэ үед өвчтөн цочромтгой, нойрондоо муу, шархны орчимд өвдөх, чичрүүдэс хүрч халуурах, ууц нуруугаар өвдөх , гар хөл эрвэгнэх, үе үе мэдээ алдах, хамаг бие сулрах зэрэг шинж тэмдэг илрэх ба энэ үе 2-3 хоног үргэлжилнэ. Салхинд гарахад амьсгаа багтрах шинж илэрнэ.

 

Хөөрлийн үе. Энэ үед дээрхи шинж тэмдгүүд хүчтэй илрэх ба зарим онцлог шинж нэмэгдэнэ. Тухайлбал, залгих булчингуудад таталт үүссэнээс шингэн юм ууж чадахгүй болох, улмаар шингэнийг уруулд хүргэх, савтай шингэн харуулах, усны тухай ярихад залгих булчин агшдаг. Үүнийг уснаас айх буюу гидрофобия гэнэ. Мөн хурц гэрлээс айх-фотофобия, салхинаас айх- аэрофобия, дуу шуугианаас айх- аукофобия зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг нь гадны өчүүхэн цочролоос болж ихэснэ. Энэ үед таталт өвчтөний бүх биеийг хамарснаас өвчтөн орилж хашгирах ба таталт намдсаны дараа ийш тийшээ гүйх, явах байдалд орно. Мөн судасны лугшилт олшрон биеийн халуун 40 хэм түүнээс дээш, шүлс нь савирч их хөлөрнө.

 

Саажилтын үе. Таталт, сэтгэл хөөрлийн шинж аажим суларч ухаан балартан өвчтөн хөдөлгөөнгүй болдог. Мөн гар, хөл, нүүр, өрцний булчингууд саажиж, бүтэлтээс болж нас барна. Энэ үе 2-18 цаг үргэлжилнэ.

 

 

1,7, Лабораторийн оношлогоо:

 

1,7,1 Сорьц дээжлэх: галзуу өвчний сэжигтэйгээр нас барсан тохиолдолд сорьц дээжлэхдээ хамгаалах өмсгөлтэй ажиллана.

Нас барсан хүний тархи нугасны дээд хэсэг, шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхай зэргээс лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэн авна. Тархинаас аммоний эвэрийг авахын тулд тархины дунд хэсэгт эсвэл ташуу сувгаас гадагш 2 см орчим зайнд, тархины тал бөмбөлөгийн нурууны гадаргууд цэвэр хутгаар ташуу зүсэлтийг 2 талаас нь зэрэг, дагзны хэсгээс 3-5 см зайтай, цагаан эдийн дагуу гадна ховдол хүртэл тус тус зүснэ. Авсан сорьцоо 50%-н ариун глицериний уусмалд мөстэй саванд хийж хадгална.

Гистологийн шинжилгээнд сорьцыг 5%-н формалины уусмалд авна. Дээжтэй  савны амыг битүүмжлэн, гадна талаар нь чигжиж , таарсан саванд давхар хийж лацдан битүүмжлэн хаяглана. Дээжилсэн сорьцыг Эрүүл Мэндийн Сайдын баталсан “Биологийн халдвартай зүйлийг бүртгэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, Улсын хилээр нэвтрүүлэх журмын”-ын дагуу дагалдах бичгийн хамт богино хугацаанд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд бие хүнээр хүргүүлнэ.

1,7,2 Галзуу өвчний сэжигтэй сорьц, Материалын шинжилгээг онцгой дэглэмийн лабораторид гүйцэтгэнэ.

1,7,3 Бичил харах шинжилгээ: галзуугийн сэжигтэй нас барсан хүний тархины эдээс 3*5 см хэмжээтэй хэрчим авч түрхэцийн шилэн дээр 3-4 дардас бэлтгэнэ. Дардасыг нойтон байхад нь селлерийн будгаар 5 секунд будаж дараа нь физиологийн уусмалаар сайтар угааж хатаана.

Хатаасны дараа тосон системээр Бабеш-Негрийн биенцэрийг харах ба Бабеш-Негрийн биенцэр нь тод улаан, бусад биеүүд хар хөх , нейрон- цэнхэр, цусны улаан эс-зэс шиг улаан шаргал өнгөөр будагдсан байдаг. Бабеш-Негрийн биеэнцэр нь дугуй, бага зэрэг зуйвандуу, заримдаа  гурвалжин хэлбэртэй харагдах ба 0,24-0,27 мкн хэмжээтэй байна.

 

1,7,4 Дархан туяарах /FA/  урвал: энэ аргаар шинэ болон глицеринд хадгалсан сорьцыг шинжилнэ. Глицеринд хадгалж ирсэн сорьцыг физиологийн уусмалаар 2-3 дахин угааж, 4-өөс доошгүй түрхэц бэлтгэн агаарт хатаана. Дараа нь цэвэр ацетонд 15-20 цельс-д 2-4 цаг бэхжүүлэн ацетоноос гаргаж хөргөгчинд тавьж хатаана. Нэг түрхэц дээр 2 дусал найруулсан коньюгат дусааж, 37 цельс халуун тогтоогуурт хуучин сорьц бол 30-45 минут, шинэ бол 20-30 минут тавина. Халуун тогтоогуураас гаргаж 45минутаас 1 цагийн турш усны зөөлөн урсгалд угаасны дараа буферын рН-7,4 бүхий уусмалд 10 минут байлгана. Бүрэн хатсаны дараа   харахад зөв будагдсан бол ногоон шар эсвэл ногоон өнгөтэй тод гэрэлтэж харагдана.

 

1.7.5. Биологийн шинжилгээ. Туршлагын амьтдаас туулай, усан гахай, цагаан хулгана галзуугаар өвчилнө. 21-35 хоногийн настай, 8-12 гр жинтэй, 15-20 ширхэг цагаан хулгана эсвэл 1,5кг ж:интэй 2 туулайг тус тус хэрэглэнэ. өвчилсөн амьтны тархинаас 10%-н булинга бэлтгэн цагаан хулганыг унтуулсаны дараа тархинд 0,1-0,2 см-н гүнд тарьж 0,02 мл-р халдварлуулна. Эсвэл уруулын арьсан дор 0,05 мл-г тарина. Цагаан хулганад 5 дахь хоногоос эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ. Амь сорьцын амьтныг 21-40 хоног ажиглана. Туршлагын амьтны тархинаас сорьц авч дархан туяарах сорилыг тавина.

 

1.7.6. удам зүйн шинжилгээ: Галзуугийн вирусын өвөрмөц праймер байгаа тохиолдолд олшруулах гинжин урвалыг зааврын дагуу тавьж болно.

 

1.7.8. Лабораторийн шинжилгээний шалгуур:

-Лабораторийн шинжилгээний урьдчилсан онош: нян харах шинжилгээгээр Бабеш-Негрийн биенцэр илрүүлсэн тохиолдолд,

-Баталгаатай онош: Тархины эдээс дархан туяарах урвал эерэг, эсвэл олшруулах гинжин урвалаар эерэг тохиолдолд тус тус тавина.

 

1,7,9 Эмчилгээ: өвөрмөц эмчилгээ байхгүй учир зөвхөн шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Биед үүссэн шарханд мэс заслын анхдагч цэцэглэлт хийж хоёрдогч халдвараас сэргийлнэ. Сэтгэл хөөрлийн хам шинжийг багасгах 10%-н оксибутират натри 10мл ГОМК седуксин, 25%-ийн хүхэр хүчлийн магнезийг зохих тунгаар булчинд тарих, тайвшруулах эм, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ.Галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг үйлдвэрлэгчийн зааврыг баримтлан хэрэглэнэ.

 

Хоёр. Галзуугийн өвчнөөс сэргийлэх арга хэмжээ

2.1. Аймаг, хот, сумдын засаг захиргаа мал эмнэлгийн байгууллага, хяналтын алба, хууль хяналтын байгууллага харъяа нутаг дэвсгэрийн голомтыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах болон, муур эзэмшигчдэд хяналт тавина.

2.2. зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл явагдаж байгаа үед уг өвчлөлийг тасалан зогсоох талаар (агналт зохион байгуулж тоо толгойг цөөрүүлэх, өгөөш хаяж өгөх

2.3. Аймаг, сум, орон нутгын байнгын онцгой комисс нь дайчлах төлөвлөгөөнд галзуу өвчин гарч буй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгай бүлэг болгон оруулж, хүн малын өвчлөл гарсан үед уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

2.4. орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар БГХӨТГазар нь мал, амьтны галзуу өвчний эпизоотологийн судалгаа, өвчлөлийн мэдээг мал эмнэлэг, байгаль орчны байгууллагаас улирал тутам авч цаашид зохиох ажлыг төлөвлөнө.

2.5. Орон нутгийн эрүүл мэндийн газар өвчлөлийн түүхийн нэг хувийг, галзуу өвчнөөс сэргийлэх вакцины дархлаажуулалтын мэдээг улирал хагас, бүтэн жилээр нэгтгэн БГХӨЭСТөвд хүргүүлнэ.

2.6. Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтотхалдварт өвчинтэй газар нь галзуу өвчнөөс сэргийлэх талаар хүн амын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, галзуугийн голомт идэвхжсэн үед нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэг явуулна.

 

Гурав. Галзуу өвчний сэжигтэй мал, амьтдад уруулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн үед авах арга хэмжээ

Галзуугийн вирус тээгч болон галзуугаар өвчилдөг бүх зэрлэг амьтан, галзуу өвчний эсрэг вакцин хийлгээгүй нохой, муур, мал зэргийг галзуугийн сэжигтэй гэж үзнэ. Дээр дурдсан амьтдад хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, шархдах, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах үед тэдгээрийн шүлсээр бохирлогдсонзүйлд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн мал, амьтны арьс ширийг өвчих, махыг эвдэх, түүхий эдэд хүрэх тохиолдолд галзуугийн сэжигтэй гэж үзэн эрүүл мэндийн байгууллагаас дараах арга хэмжээг яаралтай авна. Үүхд: 3.1. шарханд анхны цэглэлт хийж савантай буцалсан халуун усаар угаах ба фурациллин 1:500 , марганц түүнтэй адилтгах үйлчилгээтэй уусмалаар давтан угааж, спирт, иодоор арчина. Шархыг цус их алдаагүй тохиолдолд оёхгүй, шарх олсон хэсэгт галзуугийн ийлдэс тойруулан тарина.

3.2. Шарх бохирлогдсон, шарханд хоёрдогч халдвар орсон, ээмчид оройтож хандсан зэрэг тохиолдолд антибиотик эмчилгээг хийнэ.

 3.3. Галзуу өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу тарина. Харин зэрлэг амьтанд уруулсан тохиолдолд имуноглубулиныг заавал нэмж хийнэ.

3.4. Тохиолдол бүрт галзуугийн эсрэг вакцины бүрэн тун авч байгаа эсэхэд тархвар судлагч эмч хяналт тавьж, тарилга тасалсан тохиолдолд өрхийн эмчид мэдэгдэж тарилгыг бүрэн хийлгүүлнэ.

3.5. Галзуу өвчний сэжигтэй нохойд уруулж,самардуулсан, шүлсдүүлсэн бол нохойны эзний хаягийг тодруулж, мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж онош тодруулах, ажиглалт шинжилгээ, сэргийлэх тарилга хийх, нохойг устгах зэрэг арга хэмжээг авах талаар зохих газарт тавьж шийдвэрлүүлнэ.

3.6. Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ажиглалт хийх хугацаанд тэдгээртэй харьцаж байгаа хүмүүст халад, хормогч, бээлий, нүдний шил, амны хаалт хэрэглүүлнэ.

 

Дөрөв. Галзуу өвчтэй мал, гэрийн болон зэрлэг амьта уруулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн үед авах арга хэмжээ

Галзуу өвчтэй амьтан, мал гэсэн урьдчилан оношийг халдвар судлалын асуулга, голомтын байдал, эмнэл зүйн явц зэргийг үндэслэн тавина. Халдвар судлалын холбогдлыг тогтооход мал амьтны зан төрхийн өөрчлөлтүүд онцгой ач холбогдолтой.

4.1. Галзуу өвчтэй мал, амьтдад уруулсан, ноцуулсан, самардуулсан, шүлсдүүлсэн гэсэн мэдээллийн дагуу аймаг, сумын мал эмнэлэг, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, эрүүл мэндийн газар голомтонд тархвар судлалын хамтарсан баг ажиллуулна.

4.2. Тархвар судлалын хамтарсан баг нь голомтонд тахрвар зүйн судалгаа явуулж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулж, БГХӨЭС Төвд 24цагийн дотор, зэргэлдээ аймаг, сум, багийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэгт тус тус мэдээлнэ.

4.3. Голомтонд байгаа хүмүүст эрүүл мэндийн үзлэг хиййж, тархвар судлалын холбогдолтой болох нь тогтоогдвол орон нутагт аймаг, сум, багийн эмнэлэт, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гэмтлийн кабинетад урьдчилан сэргийлэх вакцин, ийлдсийг хавсруулан тарьж, хяналт тавина.

4,4 Галзуу өвчтэй мал, амьтанд уруулсан, ноцуулсан хүнийг эмнэлэгт хэвтүүлж галзуу өвчний эсрэг вакцинтай хавсран галзуугийн эсрэг ийлдэийг  зааврын дагуу заавал тарьж эмчилнэ.

4,5 Галзуугийн эсрэг вакциныг хэрэглэх хэмжээ, хугацаа шархны хүнд, хөнгөн, байрлал, уруулснаас хойш хэд дэхь хоногтоо эмнэлэгт хандсан зэргээс хамаардаг тул вакцин давтан хийх эсэх асуудлыг эмч мэргэлжтнүүдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

Тав. Галзуу өвчнөөр хүн өвчилсөн, нас барсан тохиолдолд авах арга хэмжээ

 

5,1 Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнг халдвартын эмнэлгийн тусгай тасагт хэвтүүлэн өвөрмөц эмчилгээ байхгүй учир шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

5,2 Оношийг лабораторийн аргаар баталгаажуулж, эмчилгээг энэхүү зааврын 1,7-р заалтын дагуу хийнэ.

5,3 Өвчтөний өрөөнд байнгын халдваргүйтэл хийж, ялангуяа өвчтөнөөс ялгарч байгаа шүлс, түүгээр бохирлогдсон эд зүйлсийг бүрэн халдваргүйтэнэ.

5,4 Өвчтөн нас барсан тохиолдолд сорьц дээжлэн оношийг баталгаажуулна.

5,5 Цогцосыг оршуулахдаа тархвар судлагч эмчийн хяналтан дор гүйцэтгэнэ.

 

Зургаа. Халдваргүйтгэлийн арга хэмжээ

 

6,1 Галзуугийн өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны байр, хэвтрийг 4%-ийн формальдегидийн уусмал, 10%-ийн идэмхий натрийн уусмалын аль нэгээр халдваргүйжүүлнэ. Буцалгахад гэмтэхгүй бохирлогдсон багаж, сав, хэрэглэлийг 15-30 минут буцалгана.

6,2 Бохирлогдсон өвс тэжээл, өтөг бууц, хэвтрийг шатааж  устгахаас гадна газрын хөрс хөрзөнг гүн ухаж хуулаад хуурай хлорын шохой цацан хутгаад, 4%-ийн формальдегидийн уусмал, 10%-ийн идэмхий натри болон түүнтэй адилтгах үйлчилгээтэй халдваргүйтгэлийн бодисын аль нэгээр шүршиж халдварлана.

6,3 Өвчтөний, ялгадас, шингэн хаягдал дээр хлорын шохой хийж халдваргүйтгэнэ.

6,4 Хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалтыг 1 атм даралтанд 30 минут автоклавдаж халдваргүйтгэнэ. Мөн хлорамины  3%-ын уусмалд 2 цаг, бээлийг 3%-ын хлорамины уусмалд 1 цаг далд ортол дүрнэ. Энд дурьдсан халдваргүйтгэлийн бодистой адилхан үйлчилгээтэй бодисыг үндсэн зааврын дагуу хэрэглэж болно.

6,5 Нүдний шилийг устөрөгчийн хэт ислийн 3-5%-ийн уусмал эсвэл 70 цельс спиртээр халдваргүйтэнэ.

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-11-23 -

Бичсэн: Зочин
гоё шүү санаа зовох уйлах тэврэлт тормолзох loser loser sick улайх зүрх өвдөх улайх тэврэлт тэврэлт тэврэлт
. Шууд холбоос

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 17 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax